Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ?
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер болон бусад технологийн тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтад хэрэглэгддэг нэг төрлийн хэрэглэгдэхүүн юм. Технологи ашигласан сургалт нь уламжлалт сургалттай харьцуулахад маш их бэлтгэл 80%-ийн бэлтгэл шаарддаг.
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх нь ихээхэн цаг, хүч, хөдөлмөр шаардсан ажил байдаг ба цахим хэрэглэгдэхүүн боловсруулах нь дараах 3 алхмаар хийгддэг. Үүнд:
- Хичээлийн материалд шинжилгээ хийж, цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах
- Төслийн дагуу хэрэглэгдэхүүн боловсруулах
- Боловсруулсан хэрэглэгдэхүүнээ туршин сайжруулах
Цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах
Агуулгын аль хэсэгт ямар элементүүдийг хэрэглэхээ дэлгэц бүрээр нарийн төлөвлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл
- Дуу авиа, хөдөлгөөн, видео, зураг, загвар үзүүлэх гэх мэтийг маш дэлгэрэнгүй ойлгомжтой төлөвлөн төслөө бичих
- Сорил, хичээлийн явцын болон төгсгөлийн материал байх эсэхийг нарийн төлөвлөж, төсөлдөө оруулах
- Дэлгэцийн зохиомжид өнгөний зохицол болон бусад шаардлагатай элементүүдийг зааж өгөх хэрэгтэй.
Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах үе шат
Энэ үе шат нь өмнөх шатанд боловсруулсан төслийн дагуу цахим хэрэглэгдэхүүнээ компьютерт боловсруулах үе шат юм. Хэдийгээр хэрэглэгдэхүүнийг боловсруулах төслийг өмнөх алхамд хийсэн боловч энэ алхамд дидактик шийдэл хийх шаардлага байсаар байдаг. Тухайлбал, өнгөний зохицол, дэлгэцийн зохиомж гэх зэрэг асуудлыг энэ алхам болон дараагийн алхамд шийдэж болдог.
Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах зөвлөмж
- Зураг, Видео зэрэг материалыг хичээлийн тексттэй зохицуулан оруул.
- Хичээлийн текстийг дэлгэцэд бүтнээр нь багтаа.
- Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, нэг дэлгэцэнд 15-аас дээш мөр оруулахгүй байх.
- Текстийг мөрний уртаар хязгаарлаж, 10 хүртэлх үгийг нэг мөрөнд багтаахыг хичээ.
- Дэлгэцэн дэх текстэд 2-оос илүү параграф бүү холь.
Цахим хэрэглэгдэхүүн нь дидактик боловсруулалтаас гадна сургах програмын шинжийг агуулсан байх шаардлагатай байдаг.
Суралцагчийг үнэлэх, аргазүй
Хичээлдээ суралцагчийн үнэлгээний систем ашиглах нэг хэвийн байдлаас нь гаргаж цааш хөгжих, судлах сэдэл төрүүлдэг давуу талтай байдаг. Нөгөө талаас багш өөрийн суралцагчийн мэдлэгийн төвшин, сурах явцын талаарх мэдээлэл олж авахад чухал үүрэгтэй юм. И-Сургалтын шалгалтын материалыг, бичгээр хариулах, сонсоод хариулах, уншаад хариулах, нэг зөв хариулттай сонголттой хариулт, олон зөв хариулттай сонголттой хариулт, харгалзуулах, зөв/буруу-г олох , хоосон зайг бөглөх зэрэг олон төрлийн сонголттойгоор бэлтгэж болдог.
И-Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй
Өнөө үед Мэдээлэл Холбооны Технологийг (МХТ) багшлах үйл ажиллагаандаа хэрэглэх, хичээлийн агуулгад интеграцчлах асуудал багш бүрийн өмнө тавигдаж байна. Олон улс оронд МХТ-ийг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэснээр сургалт нь үр дүнд хүрч байгаа тухай өгүүлсэн байдаг боловч МХТ-ийг хэрэглэх нь сургалтын чанартай болгох цорын ганц арга зам биш юм. Харин цахим сургалтыг хэрэгжүүлэхэд МХТ-ийн сургалтад хэрэглэх зайлшгүй шаардлагатай болж байгаа билээ. МХТ-ийг сургалтад хэрэглэж байгаагийн нэг чухал илрэл нь түүнийг ашиглан сургалтын дидактик шаардлагыг хангасан хэрэглэгдэхүүн боловсруулах явдал байдаг.
Мэдээлэл холбооны технологи (МХТ) гэж юу вэ?
Мэдээлэл холбооны технологи (МХТ, ICT) нь мэдээлэл холбоо, харилцааны хэрэгслийг ашиглан мэдээллийг олж авах, тараах, боловсруулах, хадгалах, дамжуулах, хэрэглэх зэрэг бүхий л үйл ажиллагааны тухай ойлголт юм. Тиймээс МХТ нь:
- Мэдээллийг хуваалцах, харилцан ашиглах
- Мэдээллийг боловсруулахад шаардлагатай техник хангамж, програм хангамж, харилцаа холбооны тоног төхөөрөмж гэх мэт хэрэгсэл
- Эдгээр төхөөрөмжүүдийг ашиглах технологи болон техник зэрэг юм
И-Сургалт гэж юу вэ ?
Өмнө өгүүлснийг үндэслэн и-сургалт гэдгийг технологид суурилсан сургалт хэмээн тодорхойлж болдог.Цахим сургалт = технологид суурилсан сургалт
Цахим сургалтын томьёолол нь компьютерт суурилсан сургалт, Вебд суурилсан сургалт, виртуал сургалт, телевиз, радиогийн сургалт зэргийг агуулах сургалтын нэгэн шинэ хэлбэр бөгөөд үйлчилгээний өргөн цар хүрээг агуулсан байдаг. Цахим сургалт нь суралцагчид агуулгаа хүргэхдээ бүх төрлийн цахим дамжуулах төхөөрөмж, түүний дотор интернет, интранет, экстранэт, хиймэл дагуулын систем, аудио, видео систем, интерактив телевиз зэргийг ашигладаг.